АЛТАЙН ЧУЛУУ

“Би чулуу Тунгаавал шижир”

Name:
Location: Chuhcheon, Kangwon do, South Korea

Tuesday, September 16, 2008

Эзэн Чингисийн сүлд, эцэг өвгөдийн минь шүтээн хадгалсан нутаг

Эзэн Чингисийн сүлд, эцэг өвгөдийн минь шүтээн хадгалсан нутаг
2006/05/31 - 03:12 — origo.mn Өдийд Хүйсийн говь их далай шиг цэлэлзэн зэрэглээтээд дээд нуруунд ногоо цухуйж амьдын диваажин Ар могойн зусландаа нүүхээр аль хэдийн зэхчихээд сууцгааж байгаадаа Баян-Уулынхан минь. Говь- Алтайн Баян-Уул сум өөрийн аймгийн Шарга, Дарви, Хөх морьт, Жаргалан , Ховдын Дарви, Завханы Дөрвөлжин сумуудтай хиллэдэг.

3000-аадхан хүнтэй хирнээ 500–аад мянган га нутагтай, 100 гаруй мянган малтай, уул, тал, говь хосолсон үзэсгэлэнт байгальтай.

Богд хаант засгийн үед Засагтхан аймгийн Баатар вангийн хошуу хэмээн нэрлэгдэж байсан энэ нутаг 1924 оноос Завханы Баян-Уул , 1942 оноос Говь-Алтайн Баян-Уул хэмээх болсон түүхийг товч боловч энд бас дурьдсугай.

Мин улсын хатгалгаар Халх, Ойрдуудын хооронд явагдсан байлдаан, самууны үеэр Их эзэн Чингэсийн цэргийн хар туг сүлдийг нэгэн хар азарга дэл сүүлэндээ чирч ирсэнийг манай нутгийнхан “Нуур могойн хүрээнд “ 1930- аад он хүртэл үе улиран хадгалж тахиж ирсэн түүхтэй. Иймээс ч Баатар вангийн хошууг Эзэн Чингисийн сүлд хадгалсан нутаг хэмээн нэрлэж ирсэн түүхтэй.

Баатар вангийн хошуу ноён Сономцэрэнгийн Базарваань аймагтаа төдийгүй улсдаа нэр цуугаа гаргасан лут хүн байсан. Түүнийг Богд хаан ихэд тоон дэргэдээ аван цэргийн яамны дэд сайд, Хүрээний бүх цэргийн ерөнхийлэн захирах сайдаар тохоон томилсоныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Баян-Уул сүрлэг өндөр уулсын орон! Эцэг өвгөд минь ноён оргилд нь гарч тахилга үйлдэж сүсэглэн залбирч, шүншиглэн үлдээсэн Баянбогд, Чандмань хайрхан, сүрлэг өндөр өлийн даваа, Намын овоо минь чухам энэ сайхан мөнхийн нутагт шүтээн болон сүндэрлэж байгаа юм шүү дээ. Энэ нутгийн үр сад бид чинь өвгөдийн минь сүнс хоргодож байдаг, өвөлжөө бууц нь хүрэнтэн байдаг өндөр сүрлэг шүтээн уулстайгаа зүүдэндээ учирч жаргадаг билээ.

Манай сумын унаган хүү авъяаслаг яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн уул усаа бишрэн :

“Янгирын сүрэг шигээ
Хуйларсан улаан уулсын орон
Миний Алтай!
Аргалын эвэр шигээ
Архайж дархайсан оргилын чуулган
Миний Алтай !
Хадтай, устай хавцал хөндийг нь дүүрэн
Хөхөөн дуу хадна
Хөх ногоон хөвдрөн анхилна
Цастай цэцэгтэй цавчим уулсыг нь дамжин
Халтар тэх харайн дэгдэнэ
Хан бүргэд халин элнэ” хэмээн нүдэнд харагдтал найраг шүлгээрээ магтсан байдаг.

Ертөнцөд анх дуугаан хадааж мөрөө гаргаж дэгэж дэрвэж өссөн “Бичгийн амны “намаржаа минь, дэгдээхэй бага нас минь өөр хаана ч байхгүй, гагцхүү энэхүү өндөр хүрэн уулсын бэлд л бий! Шилбүүр унан хөл нүцгэн уралдаж, сартай шөнөөр цагаан мод хаян тоглож, чулуугаар гэр барин наадаж, саах нийлүүлж, хурга ишиг хариулж өссөн “ Ар могой “ дахь Алаг толгойн зуслан, Долооцны худаг чухамдаа Говь-Алтайн Баян-Уул сумд Бичгийн нурууны ноён оройд нь байдаг юм шүү!

Сэтгэл зүрхэндээ мөнхөд тээж, алсаас зорин очих бүрийдээ самсаа шархиран нулимс мэлмэрэн золгодог, бас дээр нь хөрвөөхөд тэнхээ сэлбэж нас нэмдэг ид шидтэй төрсөн бууцтай байна гэдэг зөвхөн нүүдэлчин бидэнд бурхнаас заяадаг нэгэн гайхамшиг ажээ.

Монгол эх орноо хайрлан бахархах сэтгэлийн хүчирхэг их мөрөн голын ширгэшгүй эх ундарга нь чухам энэ л алга дарам бууцнаас эхэлдэг нь маргашгүй үнэн билээ. Долоон настайдаа аавтайгаа хамт хээр морио унаад, даалимбан тэрлэгтэй, даавуун цүнхтэй номын аянд мордож ачтан багш М.Банзар, Д.Жүгдэрнамжил нартаа шавь орж эрдмийн шимийг хүртсэн сумын бага сургууль-эрдмийн их өргөө минь үе уламжлан эрдмийн буянаа түгээн өнгөжин жавхаажиж байгаа билээ.

Миний Монгол алдарт Гучин гурван говьтой! Гэхдээ л намартаа намираа хур шивнэн шивэрч, тааны толгой цэцэглэн анхилж, гандирсын зэрэглээ илбэдэн наадаж, ингэн тэмээний буйлаа эгшиглэн уянгалж байдаг алдарт Хүйсийн говь дэлхийд ганцхан, манай суманд л байдаг бөлгөө!

Л.Түдэв гуай манай сумын тухай нэгэнтээ магтан бичсэнийг уншихад үнэхээр бахдмаар байдаг.
Тэрээр хэлэхдээ: “Баян-Уул”гэдэг нэр яг л “Эрдэнэт”, “Оюу толгой” гэдэг шиг сонсогддог юм. Ард түмний хайрласан нэрэнд заавал нэг учир байдаг ёсоор хэрвээ уулыг “баян” гэсэн өргөмжлөлтэйгээр нэрлэсэн бол тэр уул яавч “баялаг” хадгалсан байж таарна. Тэр баялаг нь эрт орой хэзээ нэгэн цагт нээгдэж олны буянд нийлнэ гэдэгт эргэлзэх юун. Харин Баян-Уул сумын тухайд бол тэдний хамгийн том баялаг нь хүмүүс юм. Баян-Уулынхан хүн сайтай, ажилсаг, нөхөрсөг, эрдэм номтой, эртний уламжлалтай хүмүүс” гэсэн байдаг.

Нэг сонин зүйл ажиглагддаг. Сумаас төрсөн Хөдөлмөрийн баатрууд: Т.Дүйнхэр, Н.Дорж, Ш.Цэдэндорж нар бүгд алдарт Хүйсийн говийхон байхад, Эрдэмтэд: С.Гэрэлтуяа, С. Алтангэрэл, Б.Сарангэрэл, Ш. Жадамбаа, Д.Гомбосүрэн, Д.Амарсайхан, Д.Улам-оргил болон энэхүү өгүүллийг тэрлэгч миний бие, бас миний хүү Ж.Амарсанаа нарын 10-аад хүний ихэнх нь уулынхан байгаа. Энд миний бие нутгийнхнаа уул, говиор нь ялган зааглах атгаг санаа агуулсангүй. Харин өндөр уулс, өргөн говь минь аль аль нь өөр өөрийн өвөрмөц ид шидтэй юм шигээ л гэж өргөмжлөх гэсэн хэрэг.

Говь–Алтайн Баян-Уулынхан
“Засагт ханы хөх харчуул
Зангаа тавихгүй шаралхуу
Завилж суусан хоймортоо
Зайгаа тавихгүй шазруун” байдаг Алтайнхны нийтлэг зан төрхөөрөө бизнес, урлаг, спортод хаана ч, хэнтэй ч айхгүй өрсөлдөж, хүч авъяасаа сорьж, аймагтаа төдийгүй улсдаа, тив дэлхийд ч нэрээ гаргаж чаддаг улс.

Бизнесийн ертөнцөд гэхэд “Макс импекс” группын ерөнхийлөгч, хурдан хүлгүүдээрээ алдаршсан Дагвадоржийн Ганбаатар, түүний дүү Д. Цэрэнжигмэд, “Мон Со Баян” ХХК буюу “Хүч” бөөний худалдааны төвийн захирал Гомбын Доржпалам, “Тулга Алтай” ХХК-ийн захирал Лхагважавын Батжаргал , Хөтөлийн “Ган” ХХК-н захирал Жадамбаагийн Нармандах нарын зэрэг олон хүнийг хүмүүс андахгүй.

Таана хүмүүл ханхалсан талынхаа билчээрээс Улсын баяр наадмын торгон дэвжээ хүртэл хангарьдын дэвэлтээр дэвэн дэвсээр Улсын начины хүндтэй алдрыг хүртсэн Ц.Энхжаргал, Л.Отгонбаяр нарыг бөхөө хайрладаг Монголчууд сайн мэднээ. Сумын уугуул Сурмаажавын Гажид үндэсний сурын харвааны спортын мастер, улсын мэргэн цолтой. Түүний хүү Д.Баттулга, охин Д.Бадамханд, Д.Бадамцэцэг нар бас энэ төрлөөр спортын мастер. Хүү Баттулга нь дөрвөн настайдаа Улсын баяр наадмын хүүхдийн сурын харваанд түрүүлж байсан удаатай.
Манай сумынхан хурдан морь сайтай. Баян-Уулынхан аймгийн баяр наадамд морьд сойж очих л юм бол айраг, түрүү авдаг жамтай.

Улс орон зах зээлд шилжсэн эгзэгтэй он жилүүдэд нутгийн түмэн олон маань зах зээлийн болон зудтай хар шуургыг шамлан хөдөлмөрлөж учирсэн хохирлоо нөхөн сэлбэж чадлаа. Сүүлийн жилүүдэд мал сүрэг нь жил дараалан өсөж одоо мянгат малчныхаа тоогоор аймагтаа дээгүүрт явж байна.

Нутгаараа би бахархахын зэрэгцээ сэтгэл эмзэглүүлсэн зарим зүйлийг энд бас цухас дурьдахгүй байхын аргагүй.

Саяхан болтол сум маань төвдөө байнгын гэрэл цахилгаантай, туслах үйлдвэр, 10 жилийн сургуультай бум бужигнаж түм түжигнэсэн хөдөөдөө айл хот, адуу мал нь багтахгүй шахам багширсан ёстой л диваажингийн орон гэмээр нутаг байлаа.

Харин энэхүү “Зах зээл” гэж нэрлэсэн залуургүй нийгэмд “элгээр нь хэвтүүлэх ” гэгч сохор онолоор ямар ч бодлогогүй орсоны харгайгаар хүн ам нь цөөрч нэг л баргар, эл хульхан, сумын төвдөө харанхуй, ажилгүйчүүд хөлхсөн газар болсон нь нууц бишээ. Эзэн Чингэсийн сүлд, эцэг өвгөдийн шүтээн хадгалсан энэхүү ариун дагшин нутаг усандаа үнэнчээр үлдэж аж төрж амьдран суугаа уугуул нутгийн ах дүү та нар минь өнөө үеийн түр зуурын ороо бусгаа, цөвүүн цагийн өнгө аясыг нэр төртэй гэтлэн давж өнөр өтгөн болцгоож өнө удаан жаргахын ерөөлийг дэвшүүлье!

Ардын уран зохиолч, төрийн шагналт Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэгэнтээ хэлсэнчлэн “Оройд нь од мичид гялалзсан догшин сүрлэг уулс сүүхийн, их хэцийн омголон цагаан салхи сэнгэнэж” нүд алдам Хүйсийн говийн хөх ногооны униар суунаглаж байдаг “эгэл жирийн биш” төрөлх суманд минь та морилон очоорой.

Thursday, June 14, 2007

Өвөг эцгийн минь намтар

ШАГДАРЗУНДУЙН ОРГИХ /ООЁГОО ТОЙН/
Бэсүд тайж Ш.З.Оргих одоогийн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг Эл булагийн урд дэнжид Зундуйн 2-р хүү болон мэндэлсэн. 4 хүүтэй Дашинжав, Дашзэвэг, Даваасамбуу, Гончигчойжил.
Хүү Дашинжав /гавж лам/ нь улс төрийн хэлс хэрэгт цаазаар, өөрөө төрсөн дүү З.Амгалан, А.Цанжид, А.Ядамжав нарын хамтаар Шүүх цаазын 48-р зүйлээр 9-10 жил шийтгэгдэн эд хөрөнгөө хураалган, ялаа шоронд эдэлсэн. 1999 оны Дээд шүүхийн 358-р тогтоолоор цагаатгагдсан юм.
Тэрээр өндөр цэх нуруу, хоргио шингэн дуутай, энгэртээ хүрсэн урт цагаан сахалтай, нас буянаа эдэлсэн буурал, өвөлдөө Хавтгай, хавар зундаа Эл, Шар худаг, Эх голоор нутагладаг байжээ.
Ховд, Увсын шоронд ял эдлээд, нутаг усандаа ирж, үр хүүхэд, нутгийн олон түмнээр хүндлүүлэн дүү З.Амгалангийнхаа хамт 85 насныхаа ойг тэмдэглүүлжээ.
1952 оны өвөл Хавтгайн Хар толгой-д Дашзэвэг, Гончигчойжил 2 хүүгийнхтэйгээ айл өвөлжөөд насан өөд болсон байна.
Түүний шарилыг ач дүү А.Далхжав, А.Лхамсүрэн, отгон хүүгийнх нь хадам ах Б.Далхжав нар өөрийнх нь унадаг шар атанд ачиж Голын Цахирын Хашаатын урд хэдэн цагаан дэрсний нөмөрт нутаглуулжээ.
Дараа жил нь хүү Дашзэвэг, Гончигчойжил нарын гэргий амаржиж, хүү Пүрэвдорж, охин Жавзан нар мэндэлсэнд ах дүүс нар нь ихэд билэгшээж байжээ.
1. Түүний хүү Дашинжав /өөрийн гэсэн үр хүүхэдгүй байв. Улс төрийн хэлс хэргээр цаазлагдсан/
2. Дашзэвэг
1. Гомбожав /10/
2. Цэрэнхүү /10/
3. Мягмар /8/
4. Нямсүрэн /9/
5. Пүрэвдорж /9/
3. Даваасамбуу
1. Долгорсүрэн /3/
2. Хандсүрэн /4/
3. Шархүү /3/
4. Баярхүү /8/
5. Долгормаа /9/
6. Адъяасүрэн /1/

4. Гончигчойжил
1. Цэнд-Аюуш /5/
2. Даваасүрэн /5/
3. Жавзан /5/
4. Буурсүрэн /2/
5. Сэр-Од /5/
З.Оргих нь 3 хүүгийн 16 ачтай. Эдүгээ зөвхөн ач нарынх нь хүүхдүүд 100 шахам үр сад нутаг усандаа өрх өсгөн сум сунган аз жаргалтай, элбэг дэлбэг амьдран аж төрж байгаа ажгуу.
Ооёгоо бүх хөрөнгө малаа хураалгасан хэдий ч нутаг усандаа хүндтэй хүмүүс байсан учир өөрт нь болон хүүхдэд нь нутгийнхан нь хэр чадлаараа тусалсан байна.
Ах дүүсээрээ элбэн мал сүргээ адгуулж, жин тээх, эсгий хийх, ан ав хийж амьдралаа боломжийн болгожээ.
З.Оргих нар нь ардын хувьсгалыг талархан угтсан хэдий ч Нуур могойн хийд цагаан Орос/Казенцов/-ын дээрэмчдэд орвонгоороо сүйрэх шахах, хамтрал комуны нэрээр хамаг мал хөрөнгө устаж сүйрэхэд ихээхэн дургүйцэж, энэ тухай илэрхийлсэн тэднийг До яамны төлөөлөгч Маньбазар нар мэдэн улс төрийн хэрэгт баривчилсан ажээ.
З.Оргих нь амьдралын өргөн мэдлэгтэй, холч гүйлгээ ухаантай, удмын тайж гаралтай нутаг усандаа нөлөөтэй нэгэн байжээ.
Тэрээр өөрийн үр хүүхдүүддээ Эвийн хүчээр бүгдийг дийлдэг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг. Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд гэх зэргээр сургаал айлдаж өглөө эрт босож үдэш орой унтвал ажил бүтдэг. Хоорондоо нэг нэгнээ дэмжиж яв гэж захьдаг байжээ
Миний мэдээ орсон 1950-иад оноос 1970 он хүртэл З.Оргих, Амгалан нарын хүүхдүүд мал хөрөнгө сайтай, ус нутагдаа хүндтэй явсан.
А.Далхжав, А.Лхамсүрэн, О.Дашзэвэг, О.Даваасамбуу, О.Гончиг, хүргэн Бямба ажаа, Д.Лувсаншарав /Паагаа/ зэрэг нь нэг нэгнээ үнэхээр дэмжиж явсан. Тэд цөмөөрөө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хэдий ч үр хүүхдүүд нь энэ уламжилаа мартаагүй. Мартвал алдас болох буй заа.
Өвөг эцгийн товч дурсамжийг ач хүү молхи бичээч Гончигийн Даваасүрэн эвлүүлсэн болой.
2001 он

Wednesday, August 16, 2006

Солонго


Yvл хуралдан тэнгэр бvрхэж
Уул бэллэн будан хeлхeнe
Айлын жаалууд хeл хeeрцeглeн
Алгандаа бороо тосон гvйлдэнэ


Хуртай зуны eнгийг илтгэн
Нартай мeнгeн бороо
Саа мяндсан утас нийтгэж
Сансар газрыг холбон намирав

Дов толгод дамнан нумарсан
Долоон eнгийн солонго татав
Хажууд гангарсан солонго тийш
Халтар vрээтэй давхиж элдэхэд
Тэнгэр газар холбосон солонгыг
Тэнхээгээр хeeгeeд барьж чадааагvй
Аав ээжийн нутаг ус
Алдрай насны баярт учрал
Борооны дараа татсан солонго шиг
Бодол санаанд мeнх данстай

Monday, August 07, 2006

МИНИЙ АЛТАЙ

Миний Алтай
Цасан цагаан
Зосон улаан
Есeн eнгийн
Зvсэн бvрийн
Хeрсeн бие нь
Хивсэн хээтэй
Вансэмбэрvv
Бадамлянхуа
Агь таана
Арц тоорой
Заг сухай
Захгvй харгана
Ховор бvхэн
Хоршин цогцолсон
Yлгэрийн диваажин
Yзэсгэлэнт нутагаа
Алтай говийн хослол
Аятайхан ганган байгаль
Миний Алтай
Хаданд дvvлсэн
Аргаль янгир
Халилд эргэсэн
Харцага шонхор
Хад тонших
Замба гvрвэл


Хeндийд тоосрох
Бeхeн Сүүлтэй
Алслаад хатирах
Хулан Хавтгай
Ажаад зогсох
Бодон Мазаалай
Зунаа зарлах
Хeхee eвeeлж
Монгол туургатны
Онгон eлгий
Морьтон ардын
Оройн шvтээн
Миний Алтай
Ганд ширгээгүй
Мeнх ундарга
Газарт ургасан
Энх цэцэг
Хeх тэнгэрийн багана
Хeрст дэлхийн зул
Малын буян хурсан
Холын цэнхэр уул
Талын хаяа жийсэн
Тансаг eвeрмeц байгаль
Хeрсeндee эрдэнэ дээдлэсэн
Хүний хорвоод ховор нутаг
Нар оргож
Сар eнждeг
Нас нэмж
Хvсэл дээжилдэг
Дэлхийд заяасан
Мeнх диваажин
Дээвэр цагаан
Энх eргee

Миний Алтай
Урсгал тvргэн горхи
Цовхчин буусан хясаа
Дурсгал тvvхт зураг
Цоолборлон барласан цохио
Хулангийн шандас сорьсон
Дэндvv уудам хeндий
Хурмастын зайд цайрсан
Дээвэр мeнгeн уул
Зүр гур ижилссэн
Сүмбэр цэнхэр хяр
Сарлагын бух тошсон
Саруул тэнэгэр зоо
Таван хошуу мал vржсэн
Тахилга сvлдтэй нутаг
Эзэн баатар олны
Эрдэнийн алтан өлгий

Sunday, August 06, 2006

ТОГОРУУ


ТОГОРУУ

Ар сайраас хос тогоруу
Аргамжаатай юм шиг холдохгvй
Хvн малын бараа хараад
Хvзvv сунган хeл тавин нахилзана
Yvр нь vгvй eндгee харамлаж
Yзтэл хоёул eмнeeс дeхнe



Дээр дээр дэвхэрнэ
Бyyр гоёохон дэрвэнэ
eндeг юугаа харамлахдаа
eрeмдeмeeр сvрдмээр цамнана

Зогдор юугаа дэвсэн дэвсэн
Зотол хайрхандаа мeргeн мeргeнe
Дээр дээр дэрвэн дэрвээд
Тээр хараа тээр хараа

Тогоруу тогоруу хeeрхeн
Тоодог тоодог муухай
Цам харайлаа, цам харайлаа
Чамайг харлаа, чамайг харлаа

Нэг ангийнхан



Ангийн минь нeхeд надад
Yерхэл нeхeрлeл хайрлав
Ангийн минь найзууд надад
Yе vеийн ухаарал хайрлав

Tuesday, July 18, 2006

Хeх морьт


ХӨХ МОРЬТ
Хөх морьтийн хөх цэнхэр уул
Хүсэл татман их цэнхэр уул
Янгирийн сүрэг асганд нь мацсан
Тэнгэрийн багана биш ч гэлээ
Унаа мориний шандас шалгасан домог
Учрал хайрын болзоо тавьсан хөмөг
Чин зүрхний хайр шингэсэн налуу
Цэндээ бид хоёрын тоглоом өрсөн чулуу
Газар тэнгэрийн савслага
Гал усны тахилга
Хөх морьтийн хөх цэнхэр уул
Хүсэл татсан эх цэнхэр бэл
Отгонтэнгэр, Сутай хайрханг
Орой дээрээс нь зэрэг тольлдох
Саруул тэнэгэр нуруу
Харуул цэнхэр Алтай
Буурал аавын хонь хотолсон энгэр
Буман үеийн түүх хадгалсан цохио
Ам бүрт нь өвөлжөө бууцтай
Амтат ургамал харгана буттай
Сангийн далайн хаялга
Шаргал манханы даллага
Хөх морьтийн хөхөмдөг тэнүүн хөндий
Хөдөө хээрийн хөлгөн их судар
Монгол түмний шүтээн
Морьтон ардын минь туульс

Monday, July 17, 2006

БАХДАМ САЙХАН “БАЯН-УУЛ” НУТАГ

Унаган нутагтаа өргөсөн
Уянга найргийн дуулал

Хэний ч хүүгийн бахархан ярих
Миний төрсөн нутаг бол
Хүйс шаргын домогт говь
Хөшөөт Ловонгийн сүрлэг нуруу
Найман өнгөөр солонгорон байдаг
Наран Ааргийн тавиун бэлчээр
Хан хорвоод мэндлэхэд тоссон
Хавтгай Цэрэлтийн намхан уулс
Уйлж дуулж мөрөө гаргасан
“Улаантолгой”-н нарлаг хаваржаа
Найм хүрээд сургуульд мордсон
Нам булгийн сэрүүн зуслан
Найз нөхөдтөй дөрөө харшуулсан
Насан Шандын бор толгод
Хэний ч хүү бахархан ярих
Миний төрсөн нутаг бол
Аянчин жинчин хөлхөн байдаг
Алсаас өгсүүр Халзан даваа
Насан багаас сэтгэлд тодорсон
Тосон Бүрдэнгийн цэнхэр нуруу
Арван бээрээс зураг шиг дурайсан
“Гурван сайхан” уул хошуу
Анчин эцгийн ганзага мялаасан
Ар өвөр тарвагатайн бэлчир
Саальчин ээжийн цацал өргөсөн
Сарьдаг Алтайн нарлаг хяр
Аргаль янгир үржин өссөн
Атираа нугачаат байц хавцал
Трактор комбайны мөр бичээстэй
Тахилт Номгоны шимт хөндий
Тарвага зурам хошгирон гүйлдэх
Тал хээрийн уудам бэлчээр
Тас бүргэд үүрээ зассан
Танил байц Буурал цохио
Бөхөн, Сүүлтэй уралдан хатирсан
Бөөрөг Аръагийн цэлгэр хөндий
Байгаа бүхэн нь эрдэнэ болсон
Байгаль эхийн унаган төрх
Зээрийн сүрэг мараанд эргэх
Зэгс тойромт баян бүрд
Холын холоос сэтгэлийн уяа
Хонгорхон насны унаган өлгий
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутаг бол
Барааны алсаас өндөлзөн тодорсон
Баян богд, Бичигт хайрхан
Домог түүхээ өвлөн дээдэлсэн
Долоод, Бэрхийн зурагт хад
Омогт буур ширээлдэн хөлбөрсөн
Орог саарал харганат хоолой
Олон сайн эрсийн хоноглосон
Онь хөтөл оромж агуй
Мөнхийн ундаа эрүүлжих увьдас
Мөнгөлөйн шовх, шинэ булгийн рашаан
Хоморголсон нугалаанд туурь үлдсэн
Хойд урд Шаврын хүрээ
Халдсан дайсныг үлдэн хөөсөн
Хатан баатрын цэргийн зам
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутгийнхан бол...
Дөрвөн улирлын эргэлтэнд
Буурь сэлгэн нүүдэллэсэн
Дөмөг эрийн шинжийг
Морин дэл дээр үзүүлсэн
Бэсүд, Еншөөв, Тугчин овгийн
Бэлгүүн авъяаст түмэн
Говь талын нутагтай
Гойд ажилсаг хүмүүс
Цагийн шалгарлыг давсан
Цараа бүтээлтэй зон
Баян богд, Бэрх хайрханаа
Бахархан шүтсэн хойч...
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутгийнхан бол...
Дунд ус, Баян цахираар нутагтай
Унд идээ сайтай эцэг өвгөдийн төрх
Айрваан Баасай, Айлаан Готов бидний
Аавын ганзага харсан зүггүйхэн төрх
Андиа, Инжээ, Ажаа, Жаажаа, Амаагийн хүндлэл
Ажлын төлөө төрсөн гүдэс дөлгөөн дээдэс
Амбаа, Омбоо, Дад, Дэдээ, Баа, Бойдоо нарын
Алт шиг сургаалыг сонсож хүртсэн залуус
Нацгийн хүрэн, Өртөө зээрд, Агаагийн хээрээр
Наадмын замд гийнгоо хадаасан үе үеийнхэн
Хатгал Ханхын замд жингийн цуваа хөтөлсөн
Ханхар эрс Зузаан Бааяа, Духнаа Бааваа нарын жинчид
Билэг танхай Том толгойт Ширнэн агаа, Хуужий Дэдээ
Бэлэн цэцэн Ширбазар, Маажав, Пүрэв даян
Буман хониороо алдаршсан Дүйнхэр, Цэдэн, Минжиг, Дорж нарын баатар
Бусдын газар хаана ч үл давтагдах миний нутгийнхан...
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутаг бол...
Чанадын холоос өндөлзөн тосох
Чандмань Далангийн сүмбэр оргил
Даан ч олон шувууд үржсэн
Далан түрүүний шагшуургат зэгс
Хуурын чавхдасанд ая нэмэх
Харгиа тунгалаг горхи булаг
Хадаг яндар намиран хийсэх
Харуул буянт тахилгат овоо
Хаана ч явсан зүрхэнд уяатай
Хаан эзний сүлд хадгалсан өлгий...
Барааны алсаас өндөлзөн тосох
Баян богд цагаан хайрхан минь
Буян хишгээ харамгүй хайрлах
Буурал аавын мөнх шүтээн...
Гончигийн хүү миний
Голт зүрхний хайр
Говийн яруу Алтайн
Гойдын төгс үзэсгэлэн
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутаг бол...
Алтай говийн хослол Баян-Уул нутаг
Азтай түмний шүтээн Баян богд хайрхан...

АЛТАЙН ЧУЛУУ

АЛТАЙН ЧУЛУУ

Friday, July 14, 2006

Хан сүмбэр Алтай
Хаш хадан чулуунаас бүрдэнэ
Хаш хадан чулуу
Хамаг нандин эрдэнээс бүтнэ
Эрдэнийн чулуу үелсэн
Эрхэмсэг Алтай та минийх
Энхрий сэтгэл дээдлэсэн
Эгэл хөвгүүн би таных
Тооноор тусах уулсыг харж мэлмий нээсэн
Торгон оройд нь гарахын мөрөөдөл
“Билүү чулуу” гэж хэлд орсон
Бишрэм дүрсийг нь гайхахын ухаарал
Есөн эрдэнийн хольц шингэсэн
Өссөн нутгийн хүрэн чулуу
Холын холд ханьсан байх
Голын биш уулын чулуу
Чулуунд дунд өсөн торниж
Чулуун дунд өгсөн уруудаж
Агтны туурайд чулуу харшуулж
Амгалан шөнө гал манаргаж
Хүний зэрэгт хүрсэн би
Хүслийн зөрөгт зорьсон би
Алс хол явах тэр өдөр
Алаг чулуу ээж минь өгөхдөө
“Нутаг усаа хайрлаж яваарай” гэж
Нулимс унаган үдэж мордуулсан
Сайхан ээжийн минь тэр чулуу
Сарьдаг Алтайн нэг хэсэг
Чулуу! чулуу! Нутгийн чулуу гэж
Чухамхүү би сэтгэлдээ дээдлэнэ
Чулуу чулуу Ээжийн минь чулуу гэж
Цул алт шиг хямгадаж дээжлэнэ
Хаа тэртээ Алтайн чулуу гэж
Халуун зүрхэндээ шивэгнэн хэлнэ
Өндгөн чинээ энэ чулуу
Өндөр Алтайг төлөөлж чадна
Алтайн уулын унаган төрх
Алган дээр минь тодрон бууна
Унаган насны хайр шингэсэн
Уулс Алтайн хэлхээ чулуунд
Хэрчлээ мянган уулсын тэртээх
Хэт нутаг минь тодорно
Уулынхаа оройд цацал өргөдөг
Уяхан сэтгэлт ээж бодогдоно
Тоонотдоо яаран гэртээ очих
Тоотойхон хоног удаан санагдана
Чулуу! чулуу! Алтайн чулуу
Чухам миний өвөрлөсөн чулуу
Эх ороноо хайрлахын ухаарал
Эх нутгаа санахын мөрөөдөл
Газрын холоос гүйгүүл морь шиг
Уулын Алтайдаа сэтгэл алдарна
Ганцхан ширхэг чулуунд нь ч
Галтай насны хайр шингэнэ
Хар санаатан атаа өвөрлөж
Хайрт нутагт халдах гэвэл
Энгийн ганц чулууны төлөө
Эцсийн дусал цусаа зориулах
Хүний дайтай миний зам
Хөвлөг Алтайгаас эхтэйг мэднэ
Унаган багын цовоо дуу
Уулын чулуунд бичээстэйг сонсоно
Эрдэнийн чулуу шатлан өндөрсөх
Уулс Алтай минийх
Эрдмийн аянд жолоо залсан
Уулсын хүү би таных

Thursday, July 13, 2006

ӨЧИЛ ШҮЛЭГ

eчил шvлэг

Уулс Алтайн хойлог хослох vеэр
Уриний зар хeх яргуй цэцэглэнэ
Хeр цас тvлхэн eндийсeн
Хeeрхeн яргуйн дэлбээ турьхан
Цэцэг дэлбээлсэн дэлгэр цаг
Цэнхэр Алтайд урьтаж айлчилна
Хур шимийн vржилт Алтайдаа
Хувьхан заяагаа холбосон болохоор
Санаа заяа нэгтэй тvмэндээ
Саруул ухааны дуугаа eргeв ee
Бууралхан шлэгчийн давилуун итгэлээр
Буяны цагаан сэтгэлээ дээдлэв ээ
“Бэлгийн мориний шvд татахгvй
Бэрийн дээлийн шилбэ тандахгvй”
eвeг дээдсийн бичигдээгvй хууль
eндeр уулсынхаа дунд байдаг ч
Зvдэн ядан бичсэн шvлгийн
Зeв бурууг ялган дэнслээрэй
Цаг цаасны гарз болбоос
Цааш нь би бичээд яах вэ
Оновчтой ганц мeрийн ухаарлыг
Олондоо хvртээвэл жаргал буюу
Хvнд хэрэгтэйг бvтээгээгvй болбоос
Хeeрхий намайгаа бvv eршee
Хvний хорвоод амьдарсны дурсамж
Миний гэх шvлэггvй бол
Vзэг цаас нийлvvлж суусан
Vстэй толгой цайсны учир юунсан