АЛТАЙН ЧУЛУУ

“Би чулуу Тунгаавал шижир”

Name:
Location: Chuhcheon, Kangwon do, South Korea

Monday, July 17, 2006

БАХДАМ САЙХАН “БАЯН-УУЛ” НУТАГ

Унаган нутагтаа өргөсөн
Уянга найргийн дуулал

Хэний ч хүүгийн бахархан ярих
Миний төрсөн нутаг бол
Хүйс шаргын домогт говь
Хөшөөт Ловонгийн сүрлэг нуруу
Найман өнгөөр солонгорон байдаг
Наран Ааргийн тавиун бэлчээр
Хан хорвоод мэндлэхэд тоссон
Хавтгай Цэрэлтийн намхан уулс
Уйлж дуулж мөрөө гаргасан
“Улаантолгой”-н нарлаг хаваржаа
Найм хүрээд сургуульд мордсон
Нам булгийн сэрүүн зуслан
Найз нөхөдтөй дөрөө харшуулсан
Насан Шандын бор толгод
Хэний ч хүү бахархан ярих
Миний төрсөн нутаг бол
Аянчин жинчин хөлхөн байдаг
Алсаас өгсүүр Халзан даваа
Насан багаас сэтгэлд тодорсон
Тосон Бүрдэнгийн цэнхэр нуруу
Арван бээрээс зураг шиг дурайсан
“Гурван сайхан” уул хошуу
Анчин эцгийн ганзага мялаасан
Ар өвөр тарвагатайн бэлчир
Саальчин ээжийн цацал өргөсөн
Сарьдаг Алтайн нарлаг хяр
Аргаль янгир үржин өссөн
Атираа нугачаат байц хавцал
Трактор комбайны мөр бичээстэй
Тахилт Номгоны шимт хөндий
Тарвага зурам хошгирон гүйлдэх
Тал хээрийн уудам бэлчээр
Тас бүргэд үүрээ зассан
Танил байц Буурал цохио
Бөхөн, Сүүлтэй уралдан хатирсан
Бөөрөг Аръагийн цэлгэр хөндий
Байгаа бүхэн нь эрдэнэ болсон
Байгаль эхийн унаган төрх
Зээрийн сүрэг мараанд эргэх
Зэгс тойромт баян бүрд
Холын холоос сэтгэлийн уяа
Хонгорхон насны унаган өлгий
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутаг бол
Барааны алсаас өндөлзөн тодорсон
Баян богд, Бичигт хайрхан
Домог түүхээ өвлөн дээдэлсэн
Долоод, Бэрхийн зурагт хад
Омогт буур ширээлдэн хөлбөрсөн
Орог саарал харганат хоолой
Олон сайн эрсийн хоноглосон
Онь хөтөл оромж агуй
Мөнхийн ундаа эрүүлжих увьдас
Мөнгөлөйн шовх, шинэ булгийн рашаан
Хоморголсон нугалаанд туурь үлдсэн
Хойд урд Шаврын хүрээ
Халдсан дайсныг үлдэн хөөсөн
Хатан баатрын цэргийн зам
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутгийнхан бол...
Дөрвөн улирлын эргэлтэнд
Буурь сэлгэн нүүдэллэсэн
Дөмөг эрийн шинжийг
Морин дэл дээр үзүүлсэн
Бэсүд, Еншөөв, Тугчин овгийн
Бэлгүүн авъяаст түмэн
Говь талын нутагтай
Гойд ажилсаг хүмүүс
Цагийн шалгарлыг давсан
Цараа бүтээлтэй зон
Баян богд, Бэрх хайрханаа
Бахархан шүтсэн хойч...
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутгийнхан бол...
Дунд ус, Баян цахираар нутагтай
Унд идээ сайтай эцэг өвгөдийн төрх
Айрваан Баасай, Айлаан Готов бидний
Аавын ганзага харсан зүггүйхэн төрх
Андиа, Инжээ, Ажаа, Жаажаа, Амаагийн хүндлэл
Ажлын төлөө төрсөн гүдэс дөлгөөн дээдэс
Амбаа, Омбоо, Дад, Дэдээ, Баа, Бойдоо нарын
Алт шиг сургаалыг сонсож хүртсэн залуус
Нацгийн хүрэн, Өртөө зээрд, Агаагийн хээрээр
Наадмын замд гийнгоо хадаасан үе үеийнхэн
Хатгал Ханхын замд жингийн цуваа хөтөлсөн
Ханхар эрс Зузаан Бааяа, Духнаа Бааваа нарын жинчид
Билэг танхай Том толгойт Ширнэн агаа, Хуужий Дэдээ
Бэлэн цэцэн Ширбазар, Маажав, Пүрэв даян
Буман хониороо алдаршсан Дүйнхэр, Цэдэн, Минжиг, Дорж нарын баатар
Бусдын газар хаана ч үл давтагдах миний нутгийнхан...
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутаг бол...
Чанадын холоос өндөлзөн тосох
Чандмань Далангийн сүмбэр оргил
Даан ч олон шувууд үржсэн
Далан түрүүний шагшуургат зэгс
Хуурын чавхдасанд ая нэмэх
Харгиа тунгалаг горхи булаг
Хадаг яндар намиран хийсэх
Харуул буянт тахилгат овоо
Хаана ч явсан зүрхэнд уяатай
Хаан эзний сүлд хадгалсан өлгий...
Барааны алсаас өндөлзөн тосох
Баян богд цагаан хайрхан минь
Буян хишгээ харамгүй хайрлах
Буурал аавын мөнх шүтээн...
Гончигийн хүү миний
Голт зүрхний хайр
Говийн яруу Алтайн
Гойдын төгс үзэсгэлэн
Хэний ч хүүд бахархан ярих
Миний төрсөн нутаг бол...
Алтай говийн хослол Баян-Уул нутаг
Азтай түмний шүтээн Баян богд хайрхан...

0 Comments:

Post a Comment

<< Home