АЛТАЙН ЧУЛУУ

“Би чулуу Тунгаавал шижир”

Name:
Location: Chuhcheon, Kangwon do, South Korea

Thursday, June 14, 2007

Өвөг эцгийн минь намтар

ШАГДАРЗУНДУЙН ОРГИХ /ООЁГОО ТОЙН/
Бэсүд тайж Ш.З.Оргих одоогийн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг Эл булагийн урд дэнжид Зундуйн 2-р хүү болон мэндэлсэн. 4 хүүтэй Дашинжав, Дашзэвэг, Даваасамбуу, Гончигчойжил.
Хүү Дашинжав /гавж лам/ нь улс төрийн хэлс хэрэгт цаазаар, өөрөө төрсөн дүү З.Амгалан, А.Цанжид, А.Ядамжав нарын хамтаар Шүүх цаазын 48-р зүйлээр 9-10 жил шийтгэгдэн эд хөрөнгөө хураалган, ялаа шоронд эдэлсэн. 1999 оны Дээд шүүхийн 358-р тогтоолоор цагаатгагдсан юм.
Тэрээр өндөр цэх нуруу, хоргио шингэн дуутай, энгэртээ хүрсэн урт цагаан сахалтай, нас буянаа эдэлсэн буурал, өвөлдөө Хавтгай, хавар зундаа Эл, Шар худаг, Эх голоор нутагладаг байжээ.
Ховд, Увсын шоронд ял эдлээд, нутаг усандаа ирж, үр хүүхэд, нутгийн олон түмнээр хүндлүүлэн дүү З.Амгалангийнхаа хамт 85 насныхаа ойг тэмдэглүүлжээ.
1952 оны өвөл Хавтгайн Хар толгой-д Дашзэвэг, Гончигчойжил 2 хүүгийнхтэйгээ айл өвөлжөөд насан өөд болсон байна.
Түүний шарилыг ач дүү А.Далхжав, А.Лхамсүрэн, отгон хүүгийнх нь хадам ах Б.Далхжав нар өөрийнх нь унадаг шар атанд ачиж Голын Цахирын Хашаатын урд хэдэн цагаан дэрсний нөмөрт нутаглуулжээ.
Дараа жил нь хүү Дашзэвэг, Гончигчойжил нарын гэргий амаржиж, хүү Пүрэвдорж, охин Жавзан нар мэндэлсэнд ах дүүс нар нь ихэд билэгшээж байжээ.
1. Түүний хүү Дашинжав /өөрийн гэсэн үр хүүхэдгүй байв. Улс төрийн хэлс хэргээр цаазлагдсан/
2. Дашзэвэг
1. Гомбожав /10/
2. Цэрэнхүү /10/
3. Мягмар /8/
4. Нямсүрэн /9/
5. Пүрэвдорж /9/
3. Даваасамбуу
1. Долгорсүрэн /3/
2. Хандсүрэн /4/
3. Шархүү /3/
4. Баярхүү /8/
5. Долгормаа /9/
6. Адъяасүрэн /1/

4. Гончигчойжил
1. Цэнд-Аюуш /5/
2. Даваасүрэн /5/
3. Жавзан /5/
4. Буурсүрэн /2/
5. Сэр-Од /5/
З.Оргих нь 3 хүүгийн 16 ачтай. Эдүгээ зөвхөн ач нарынх нь хүүхдүүд 100 шахам үр сад нутаг усандаа өрх өсгөн сум сунган аз жаргалтай, элбэг дэлбэг амьдран аж төрж байгаа ажгуу.
Ооёгоо бүх хөрөнгө малаа хураалгасан хэдий ч нутаг усандаа хүндтэй хүмүүс байсан учир өөрт нь болон хүүхдэд нь нутгийнхан нь хэр чадлаараа тусалсан байна.
Ах дүүсээрээ элбэн мал сүргээ адгуулж, жин тээх, эсгий хийх, ан ав хийж амьдралаа боломжийн болгожээ.
З.Оргих нар нь ардын хувьсгалыг талархан угтсан хэдий ч Нуур могойн хийд цагаан Орос/Казенцов/-ын дээрэмчдэд орвонгоороо сүйрэх шахах, хамтрал комуны нэрээр хамаг мал хөрөнгө устаж сүйрэхэд ихээхэн дургүйцэж, энэ тухай илэрхийлсэн тэднийг До яамны төлөөлөгч Маньбазар нар мэдэн улс төрийн хэрэгт баривчилсан ажээ.
З.Оргих нь амьдралын өргөн мэдлэгтэй, холч гүйлгээ ухаантай, удмын тайж гаралтай нутаг усандаа нөлөөтэй нэгэн байжээ.
Тэрээр өөрийн үр хүүхдүүддээ Эвийн хүчээр бүгдийг дийлдэг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг. Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд гэх зэргээр сургаал айлдаж өглөө эрт босож үдэш орой унтвал ажил бүтдэг. Хоорондоо нэг нэгнээ дэмжиж яв гэж захьдаг байжээ
Миний мэдээ орсон 1950-иад оноос 1970 он хүртэл З.Оргих, Амгалан нарын хүүхдүүд мал хөрөнгө сайтай, ус нутагдаа хүндтэй явсан.
А.Далхжав, А.Лхамсүрэн, О.Дашзэвэг, О.Даваасамбуу, О.Гончиг, хүргэн Бямба ажаа, Д.Лувсаншарав /Паагаа/ зэрэг нь нэг нэгнээ үнэхээр дэмжиж явсан. Тэд цөмөөрөө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хэдий ч үр хүүхдүүд нь энэ уламжилаа мартаагүй. Мартвал алдас болох буй заа.
Өвөг эцгийн товч дурсамжийг ач хүү молхи бичээч Гончигийн Даваасүрэн эвлүүлсэн болой.
2001 он